Дүрэм

Монголын дата клубын гишүүнчлэлийн дүрэм

2022.10.20-ны өдөр Монголын Дата Клубын Зохицуулах зөвлөлийн хурлаар хэлэлцэн батлав.

  1. Ерөнхий зүйл
    • 1.1. Монголын дата клуб (Цаашид Дата клуб гэх) нь “Хөгжлийн төлөө өгөгдөл” ТББ-аас нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмэр оруулах зорилгоор дэргэдээ байгуулсан хамт олны нэгдэл юм.
    • 1.2 Дата клубын эрхэм зорилго нь “Монголд өгөгдлийн соёлыг түгээн дэлгэрүүлж, өгөгдөл ашиглах чадавхыг хөгжүүлнэ.”
  1. Гишүүдийн баримтлах зарчим
    2.1. Дата клубын нэр хүндийг ямагт дээдлэх
    2.2. Дата клубын дүрмийг баримтлах
    2.3. Сайн дурын үндсэн дээрээс элсэж орох, гарах
    2.4. Өгөгдлийг хуурамчаар үүсгэх, гуйвуулах, өөрийн ашиг сонирхолд нийцүүлж ашиглахгүй байх
    2.5. Дата клубын үйл ажиллагаанд хараат бусаар оролцох
  2. Дата клубын үйл ажиллагаа
    3.1. Өгөгдөлд төвлөрсөн уулзалт (сэдэвчилсэн хэлэлцүүлэг-салбарын экспертийн яриа, мэдлэг хуваалцах уулзалт гэх мэт)
    3.2. Чадавх бэхжүүлэх сургалтууд орох
    3.3. Олон нийтэд зориулсан дата үзэсгэлэн, уралдаан, арга хэмжээ зохион байгуулах
    3.4. Өгөгдөлд түшиглэсэн бичил төсөл хэрэгжүүлэх, нийгмийн аян өрнүүлэх
  3. Дата клубын бүтэц зохион байгуулалт
    4.1. Монголын дата клуб нь уриа үг, бэлгэ тэмдэгтэй байна.
    4.2. Дата клуб нь шийдвэр гаргах Зохицуулах зөвлөл (цаашид Зөвлөл гэх) байна. Зөвлөлөөр үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, гишүүнчлэлийн хураамжийн хэмжээг тогтооно.
    4.3. Зөвлөл нь таван гишүүнтэй байх ба үүсгэн байгуулагчдаас бүрдэнэ.
    4.4. Зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох тохиолдолд клубын идэвхтэй, хүсэл эрмэлзэлтэй гишүүдийг сайн дурын үндсэн дээр зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.
    4.5. Дата клубын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий зохицуулагчтай байна.
    4.6. Дата клубын хураамжийг захиран зарцуулах эрхийг клубын зохицуулагч хариуцах бөгөөд зөвлөлд цаг тухайд нь танилцуулж байна.
    4.7. Дата клубын гишүүд санаачилгаараа төрөлжсөн хороодыг үүсгэн байгуулж болох ба хорооны ахлагчийг нь Зөвлөл баталсны үндсэн дээрээс үйл ажиллагааг явуулна..
    4.8. Төрөлжсөн хорооны үйл ажиллагааг ахлагч нь зөвлөлд цаг тухай бүрд мэдээллэнэ.
    4.9. Төрөлжсөн хороог үйл ажиллагааг Зөвлөл үнэлж, чиглүүлнэ.
  4. Гишүүнчлэл
    5.1. Дата клуб нь өгөгдлийг ашиглан үнэ цэнийг бий болгох сонирхолтой, өгөгдлийг соёлыг түгээн дэлгэрүүлэх эрмэлзэлтэй гишүүдээс бүрдсэн гишүүнчлэл бүхий хамт олон байна.
    5.2. Дата клубын алсын хараа, үнэт зүйл, зорилго, дүрэм, үйл ажиллагааны зарчмыг хүлээн зөвшөөрч, гишүүн болох хүсэлтэй хувь хүн эсвэл байгууллагаараа элсэнэ.
    5.3. Хувь хүн болон байгууллаггын гишүүнчлэл нь хураамжтай байх ба хураамжийн хэмжээг зөвлөл тогтооно.
    5.4. Оюутнуудад хөнгөлөлтэй байна.
    5.5. Гишүүнчлэлийн хураамжийг хөнгөлөх шийдвэрийг зөвлөл гаргана.
  5. Дата клубын эрх, үүрэг
    6.1. Дата клуб нь гишүүнийг хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
    6.2. Гишүүний үүрэг, хариуцлагаа биелүүлээгүй тохиолдолд Дата клуб нь гишүүнчлэлийг цуцлах эрхтэй.
    6.3. Дата клуб нь гишүүнчлэлийн хураамжид нийцсэн үйл ажиллагаагаа, үйлчилгээг гишүүддээ үзүүлэх үүрэгтэй.
    6.4. Дата клубын зөвлөл нь клубын үйл ажиллагаа, санхүүгийн тайлагналыг гишүүддээ нээлттэй ил тод жилд нэг удаа тайлагнах үүрэгтэй.
    6.5. Дата клубын зүгээс зохион байгуулж буй үйл ажиллагаа, арга хэмжээний талаарх мэдээллийг гишүүддээ хуваалцах үүрэгтэй.
  6. Гишүүний эрх үүрэг
    7.1. Гишүүн нь Дата клубын хураамжид нийцсэн үйлчилгээг шаардах эрхтэй ба клубын үйл ажиллагааны төлөвлөгөөнд санал гаргах эрхтэй
    7.2. Гишүүн нь Дата клубын гишүүн гэдгээ дурьдах, өөрийн статус болгон бичих эрхтэй.
    7.3. Гишүүн нь Дата клубын үйл ажиллагаануудад идэвхитэй оролцох, санал сэтгэгдлээ чөлөөтэй илэрхийлэх, хамтран ажиллах эрхтэй.
    7.4. Гишүүн нь Дата клубын үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хугацаанд нь шаардаж, танилцах эрхтэй.
    7.5. Гишүүн нь Дата клубын зарчим, дүрмийг баримтлах үүрэгтэй.
    7.6. Гишүүний бодлогын 8.3 дахь заалтад тусгагдсан хураамжаа цаг хугацаанд нь төлөх үүрэгтэй.
    7.7. Гишүүн нь Зөвлөлөөс албан ёсны зөвшөөрөл аваагүй тохиолдолд аливаа үйл ажиллагаа, арга хэмжээнд Монголын дата клубыг төлөөлөх, амлалт өгөхийг хориглоно.
    7.8. Зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр Монголын дата клубын барааны тэмдэгийг (нэр, лого) ашиглахыг хориглоно.
  7. Төлбөр тооцоо
    8.1. Гишүүнчлэлийн хураамжийг төлсөн өдрөөс гишүүний эрх нээгдэнэ.
    8.2. Гишүүний хураамж төлөгдсөн өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
    8.3. Хувь иргэний хураамж нь жилд 240,000 төгрөг байна. Хураамжийг улирал, хагас жил, жилээр төлөх боломжтой.
    8.4. Байгууллагын гишүүнчлэлийн хураамж жилд 1,000,000 төгрөг байна. Хураамжийг улирал, хагас жил, жилээр төлөх боломжтой.
    8.5. Оюутны хөнгөлөлтийг тухай бүрд зөвлөл шийдвэрлэнэ.
    8.6. Гишүүний хураамжийн хэмжээнд өөрчлөлт орсон тохиолдолд хураамжаа төлсөн гишүүдэд үйлчлэхгүй.
    8.7. Дата клубын хураамжийг “Хөгжлийн төлөө өгөгдөл” ТББ-ын Худалдаа хөгжлийн банкны 495102359 тоот дансанд шилжүүлнэ.
    8.8. Гишүүний хураамжийг төлснөөр дараах хөнгөлөлтийг эдэлнэ.
    8.8.1. Сард нэг удаагийн дата уулзалтад үнэгүй хамрагдах.
    8.8.2. Жилд гурваас дээшгүй чадавх бэхжүүлэх сургалтад 50 хувийн хөнгөлөлттэй хамрагдах.
    8.8.3. Дата клубын үйл ажиллагааны талаарх зар мэдээллээр тогтмол хангагдана.
    8.8.4. Гишүүн нь хураамжаа төлснөөс ажлын 3 хоногийн дотор цуцалж болох ба цуцлах хүсэлтээ contact@dataclub.mn имэйлээр ирүүлнэ. Зөвхөн энэ тохиолдолд Дата клуб нь хураамжийг 100% буцаан олгоно.

Монголын Дата Клубын Зохицуулах зөвлөл